ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧДЫГ ШАДАР САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн захирагчид болон Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах судалгааны багийн гишүүд болох БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, Барилгын хөгжлийн төвийн дэд дарга О.Одбаяр нарыг хүлээн авч уулзан, чөлөөт бүсийн ажлын явцын талаарх тайлан мэдээлэлнь сонсон, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй үйл ажиллагааны тухай санал солилцон, үүрэг даалгавар өглөө.

Уулзалтын эхэнд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул мэдээлэл хүргэлээ. Тус чөлөөт бүсийн хувьд олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэхээр хүлээгдэж байсан бол өнгөрсөн 7 сард Засгийн газрын хуралдаанаар орж байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэр гарч, тус шийдвэрийн дагуу 8 сарын 15-ны өдрөөс эхлэн тус чөлөөт бүс байнгын ажиллагаа эхэлсэн.

Мөн Замын-Үүд суманд 2015 онд баригдаж ашиглалтанд орсон ч үйл ажиллагааг явуулалгүй 6 жил болсон, үүний улмаас тохиргоо засварын зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон Дулааны станцитай холбогдох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэсний дагуу тус станци 9 сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн байна.

Замын-Үүд чөлөөт бүсийн хамгаалалтын хашаа 2021 оны 11 сард багтан баригдаж дуусах бол 2022 оны 2 дугаар улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн аж.

Цаашид 11 сард багтаан Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулах, УИХ-ын намрын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгааг тэрбээр илэрхийллээ. Ингэснээр Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, “Замын-Үүд” хилийн боомтод үүсээд буй тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Алтанбулаг чөлөөт бүс нь 2014 онд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор нээгдэж, үйл ажиллагааны байнгын дэглэмд шилжин ажиллаж эхэлсэн байна. 2014-2021 онуудад 20 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж, чөлөөт бүсэд хүнсний бараа, техник тоног төхөөрөмж, гэр ахуй, гоо сайхан, спорт бараа болон бэлэн хувцас зэрэг давхардсан тоогоор 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон худалдаалж байгаа. Гэсэн хэдий ч цаашид чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд нэн шаардлагатай цахилгаан хангамжийн өргөтгөл, авто зам барилга угсралтын ажлыг эхлүүлэх, худаг сувагчлалын байгууламж байгуулах, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын лабораторийн барилга барих, Гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох зэрэг ажлын зардалд 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа гэдгийг тус чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал мэдээллээ.

2005 онд хилийн заагийг тогтоох тухай УИХ-ын 74 дүгээр тогтоол, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулах тухай Засгийн газрын 134-р тогтоолууд тус тус батлагдаж, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан.

2007-2015 оны хооронд улсын төсвөөс 1,53 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтаар бүсийн хашаа харуул хамгаалалтын байгууламж 2008 онд, бүсийн ЦДАШ-ын 10кВт-ийн дэд станц 2008 онд, услалтын систем бүхий ногоон байгууламж 2011 онд тус тус баригдаж ашиглалтад орсон.

Тус чөлөөт бүсэд 2019-2020 онд худалдаа, үйлчилгээ эхлүүлэх 1 га талбайг засаж гэрэлтүүлгийн ажил болон өндөр хурдны интернетийн шилэн кабел татаж, камержуулалт хийгдсэн.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Цагааннуур чөлөөт бүсийн хажуугаар Ази, Европыг холбосон АН-4 олон улсын авто зам 2019 онд ашиглалтад орсон бөгөөд бүсээс боомт хүртэлх 28 км авто зам, Өлгий хотыг тойрч гарах зам гүүрийн барилгын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа нь Цагааннуур чөлөөт бүсэд ОХУ болон БНХАУ-ыг холбосон тээвэр ложистикийн төв байгуулахад давуу талтай хэмээн Цагааннуур чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди танилцууллаа.

Цагааннуур чөлөөт бүс ашиглалтад орж байнгын үйл ажиллагаагаа эхлүүлснээр жил бүр ДНБ 0,03-0,2%-иар өсөж, ажлын байр 250-1350 болж нэмэгдэх аж..

Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа бөгөөд судалгааны багийн гишүүд Шинэ нисэх онгоцны буудлын орчмын бүтээн байгуулалттай холбоотой холбогдох хууль, тогтоомжийг судлах, эдийн засгийн чөлөөт бүсийн тухай мэдээлэлд анализ хийх, төсөл хэрэгжүүлэх зураглалыг нэгтгэх, логистикийн төв, инженерийн үндсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг судалгааны багийн төлөөлөл Шадар сайдад хүргэлээ.

Шадар сайдын зүгээс чөлөөт бүсийн захирагчидад хандан Чөлөөт бүсийн үйл ажиллагааг явуулахын байнга анхааран ажиллаж байгаагаа илэрхийлж, бүсийн захирагчдыг эргэх холбоотой, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, мөн Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлуулах гэж буйтай холбогдуулан саналаа нэгтгэн нэмэлтээр тусгаж оруулах, зохион байгуулалтын төлөвлөлтөө нарийн тооцоо судалгаанд үндэслэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин, хурдтай бүтээлч байдлаар ажиллахыг санууллаа.