Монгол-Оросын хамтарсан “Baikal Trade-2019” бизнес форумд оролцлоо.

Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын БН Буриад Улсын Тэргүүн А.С. Цыденовын урилгаар 2019 оны 03-р сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын БН Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Baikal Trade-2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтанд оролцлоо. Монголын талын албан ёсны бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцсон.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БН Буриад Улсын Тэргүүн А.С. Цыденовтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон БН Буриад Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, салбар хоорондын шинэлэг туршлага, арга барилын талаар харилцан мэдээлэл солилцох замаар тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлахаар болов.