“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана” гэж заасны дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт чөлөөт бүсийн таатай орчинг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Улмаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтуудын үр дүнд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр батлагдсанаар 2018 оноос  эхлэн Монголын нутгаар Евро Азийг холбосон хамгийн дөт авто замын транзит тээвэрлэлт нь Алтанбулаг, Замын-Үүд боомтуудаар дайран өнгөрөх юм.

Манай "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаа 2017 оноос улам идэвхжиж хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байна.

2014 оны байдлаар нийт 183 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бөгөөд газар олголт “Алтанбулаг” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийг зөрчин аж ахуйн нэгжүүдэд  газар эзэмшүүлсэн байсан.

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2016 онд газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 1 жилээс дээш хугацаанд гэрээний дагуу үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр нийт 82 аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалж, 2004 онд хийгдсэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсчлэлийг сэргээж газар олголтыг хуульд заасан үндэслэл буюу төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулж байгаа бөгөөд 2015 оноос хойш шинээр аж ахуйн нэгжүүдэд газар олголт хийгдээгүй болно.

2017 оны 04 дүгээр сарын байдлаар чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 101 аж ахуйн нэгж байгаагаас 51 аж ахуйн нэгж 6.2 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтыг хийж, 13 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 40 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж түүнчлэн аялал жуулчлал, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан байнгын үйл ажиллагаанд шилжсэнээс хойш 2.0 сая орчим ам долларын бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжүүд борлуулсан байна.

Өнгөрсөн жилүүдтэй 2016 оныг харьцуулбал зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 2 дахин буюу 34060 зорчигч, 12397 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн нь чөлөөт бүсээр орж гарах хөдөлгөөн жил ирэх тусам идэвхжин нэмэгдэж байгааг харуулж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2004 оноос хойш нийт 26.8 тэрбум төгрөгийн дэд бүтцийн доорх ажлууд хийгдсэнээс ариутгах татуургын шугам хоолойн ажлаас бусад нь дуусч улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Үүнд:

- Бүсийн харуул, хамгаалалтын байгууламж

- Түр цахилгаан хангамжийн ажил /3.8 км/

- Цэвэр усны шугам хоолой /16.6 км/

- Ариутгах татуургын шугам хоолой /36 км/ - 2017 оны  3-р улиралд улсын комисст хүлээлгэн өгөх/

- Усан сан /800 м3/

- Үерийн хамгаалалтын суваг /9.4 км/

- Шалган нэвтрүүлэх байр

- Гааль, хяналтын талбай зэрэг ажлууд хийгдсэн болно.

 

“Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн  нэгжүүдийн тоо, хамрах цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Тухайлбал:

  • “Хур ирмүүн билэг чөлөөт бүс” ХХК гэр ахуйн тавилгын дэлгүүр
  • “Ёокохама чөлөөт бүс” ХХК  Япон дугуй, авто сэлбэгийн худалдаа
  • “Брэнч чөлөөт бүс” ХХК барилгын материалын дэлгүүр
  • “Байгалиа дээдэлье чөлөөт бүс” ХХК аялал жуулчлал, ногоон байгууламжийн чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

 

 

 

 

ЗАХИРАГЧ                                       Ж.АМАРЖАРГАЛ