БАРИЛГЫН ТУХАЙ Шинэчилсэн найруулга

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

БАРИЛГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж

2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энэ хуулиар зохицуулаагүй барилгын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон бусад харилцааг холбогдох салбарын хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим

3.1.Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

3.1.1.барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;

3.1.2.барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;

4.1.2.“барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээ” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулсныг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгох баримт бичгийг;

4.1.3.“барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг;

4.1.4.“барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;

4.1.5.“барилга байгууламжийг засварлах, тоноглох” гэж ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;

4.1.6.“барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт” гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг;

4.1.7.“барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг;

4.1.8.“барилга байгууламжийн техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;

4.1.9.“барилга байгууламжийн хамгаалалтын горим” гэж барилгын ажил түр зогсох хугацаанд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, барилгын бүрэлдэхүүн хэсгийг эвдэрч гэмтэхээс хамгаалах, барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг;

4.1.10.“барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг;

4.1.11.“барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;

4.1.12.“барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.13.“барилгын ажлын захиалагч” гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;

4.1.14.“барилгын ажлын талбай” гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа газрыг;

4.1.15.“барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;

4.1.16.“барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг;

4.1.17.“барилгын материал” гэж стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан барилга байгууламжид хэрэглэгдэх эрдэс, түүхий эд, материал, бүтээц, бүтээгдэхүүн, эдлэхүүнийг;

4.1.18.“барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг” гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг;

4.1.19.“барилга байгууламжийн техникийн улсын хяналт” гэж барилгын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоохоор хяналт хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.20.“барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг;

4.1.21.“барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг;

4.1.22.“барилгын хөрөнгө оруулагч” гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг;

4.1.23.“бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ” гэж тухайн барилга байгууламжийн хэрэгцээг хангахад зориулан барих ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг инженерийн хангамжийн шугам сүлжээ, байгууламжийг;

4.1.24.“буулгалтын ажил” гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг;

4.1.25.“гадна тохижилтын ажил” гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг;

4.1.26.“гүйцэтгэлийн зураг” гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;

4.1.27.“загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.28.“засварын ажил” гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих зэрэг үйл ажиллагааг;

4.1.29.“зөвлөх үйлчилгээ” гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

4.1.30.“зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;

4.1.31.“зураг төсөл зохиогч” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.32.“зураг төсөл зохиогчийн хяналт” гэж барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагааг;

4.1.33.“инженерийн дэд бүтэц” гэж авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;

4.1.34.“инженер хайгуулын судалгаа” гэж барилгын ажил гүйцэтгэхээс өмнө тухайн газрын инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус цаг уурын нөхцөл, газрын төлөв байдал, орчны архитектур төлөвлөлт, тохижилт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах боломжийг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг;

4.1.35.“инженерийн шугам сүлжээ” гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг;

4.1.36.“өргөх байгууламж” гэж босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг;

4.1.37.“төвлөрсөн бус инженерийн шугам сүлжээ” гэж тодорхой талбай, эсхүл барилга байгууламжид ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбооны үйлчилгээ нийлүүлэх зориулалт бүхий байгууламжийг;

4.1.38.“төвлөрсөн инженерийн шугам сүлжээ” гэж төв суурин газар, түүний тодорхой хэсэгт орших барилга байгууламжийг ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбооны төвлөрсөн эх үүсвэртэй холбох үндсэн байгууламжийг;

4.1.39.“төвөгшил” гэж барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлыг;

4.1.40.“тэг тэнхлэг” гэж барилга байгууламжийн үндсэн хэмжээ, түвшинг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг;

4.1.41.“үе шатны ажил” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллыг;

4.1.42.“паспортжуулах” гэж ашиглагдаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, баталгаажуулахыг;

4.1.43.“эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг.

5 дугаар зүйл. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг

5.1.Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна:

5.1.1.барилгын норм, дүрэм;

5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал;

5.1.3.стандарт.

5.2.Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө.

5.3.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр барилга байгууламжийн техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтооно.

5.4.Энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээнд энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан баримт бичгийг заавал мөрдөхөөр тусгаж болно.

5.5.Энэ хуулийн 5.1-д заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, батлах, сурталчлах зэрэг үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон Барилга байгууламжийн норм, нормативын сангаас санхүүжүүлнэ.

5.6.Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.7.Барилга байгууламжийн норм, нормативын сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

5.7.1.барилга байгууламжийн төсөвт өртгөөс 0.18 хувиар авсан орлого;

5.7.2.норм, нормативын баримт бичгийн борлуулалтын орлого;

5.7.3.норм, нормативыг боловсронгуй болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын орлого;

5.7.4.бусад орлого.

5.8.Барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгийг салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг боловсруулах, судлах, сурталчлах, хэвлэн олшруулах болон эдгээрийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулна.

5.9.Барилгын материалын үйлдвэрлэлийн болон барилгын үйл ажиллагаанд дагаж мөрдөх стандартыг боловсруулах, батлах, ашиглах, тохирлын гэрчилгээ олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

5.10.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэвлэхийг хориглоно.

6 дугаар зүйл. Олон улсын техникийн дүрэм, стандарт хүлээн зөвшөөрөх

6.1.Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартаар зохицуулж болно.

6.2.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллагын норм, дүрэм, стандартыг энэ хуулийн 6.3-т заасан журмын дагуу бүртгэж, мөрдөнө.

6.3.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл. Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол

7.1.Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:

7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;

7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол;

7.1.3.энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх.

7.2.Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно.

7.3.Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно.

7.4.Барилга байгууламжийн зураг төсөл, байр зүйн дэвсгэр зураг зэрэг мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байна. Mэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 18.1-д заасан мэдээлэл үүнд хамаарахгүй.

7.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.

8 дугаар зүйл. Барилгын салбарын даатгал

8.1.Барилгын үйл ажиллагаанд оролцогч учирч болзошгүй эрсдлийг даатгуулж болно.

8.2.Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч урьдчилан тохиролцон барилгын ажил гүйцэтгэх гэрээнд тусгана.

8.3.Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.

8.4.Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАРИЛГЫН АЖИЛ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛАЛ

9 дүгээр зүйл. Барилгын ажлын төрөл

9.1.Барилгын ажил нь дараахь төрөлтэй байна:

9.1.1.барилга байгууламж шинээр барих;

9.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх;

9.1.3.барилга байгууламжийг засварлах, тоноглох;

9.1.4.буулгалтын ажил;

9.1.5.гадна талбайн тохижилт.

10 дугаар зүйл. Барилга байгууламжийн ангилал

10.1.Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна:

10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;

10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ШААРДЛАГА

11 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны зарчим

11.1.Барилгын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

11.1.1.механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;

11.1.2.галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах;

11.1.3.хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;

11.1.4.хүний аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж физик, хими, биологи, цацраг, өндөр хэлбэлзлийн долгионы болон бусад хортой бодисын нөлөөллөөс хамгаалагдсан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;

11.1.5.барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх;

11.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах: барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;

11.1.7.барилгын үйл ажиллагаанд ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан, дулаан, уур, усны эх үүсвэрийг үр ашигтай төлөвлөх.

12 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага

12.1.Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:

12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх;

12.1.2.эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх;

12.1.3.барилга байгууламжаас хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх дуу чимээ, доргио, утаа, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэргээс хамгаалагдсан байх;

12.1.4.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;

12.1.5.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, байгалийн гамшиг, ослын үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх;

12.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх;

12.1.7.барилгын ажилд аюулгүй ажиллагааг хангах хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байх;

12.1.8.орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын нүүр тал /фасад/, дээвэр, тагтны хашлага, хаалтыг төлөвлөж байх.

13 дугаар зүйл. Барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлага

13.1.Барилга байгууламжид ашиглах барилгын материал, бүтээгдэхүүн дараахь шаардлагыг хангасан байна:

13.1.1.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, зураг төслийн шаардлагыг бүрэн хангасан байх;

13.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх;

13.1.3.чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламжтай байх;

13.1.4.чанарын шаардлага хангасан зориулалтын сав, баглаа, боодол, хаяг, шошготой байх.

13.2.Барилгын материал, бүтээгдэхүүнийг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлтийн дагуу сонгож зураг төсөлд тусгана.

13.3.Барилга байгууламжийн зураг төсөлд барилгын материал, бүтээгдэхүүний стандартын шаардлагын тухай мэдээллийг тусгана.

13.4.Барилгын материал, бүтээгдэхүүнийг барилгын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн зураг төсөл зохиогчийн шийдвэрээр өөрчилнө.

13.5.Барилгын материалын үйлдвэрлэл, олборлолт болон барилгын материал, бүтээгдэхүүнд тавих нарийвчилсан шаардлагыг барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулна.

14 дүгээр зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага

14.1.Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:

14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх;

14.1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;

14.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх.

14.2.Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна.

14.3.Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.

14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.

14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.

14.8.Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна.

14.9.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг тогтоох дүрмийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.10.Энэ хуулийн 14.9-т заасан хугацаа дуусгавар болсноор цаашид ашиглах эсэх асуудлыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага тогтооно.

14.11.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусгавар болсноор захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, экспертийг энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

14.12.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусгавар болсны дараа тухайн барилга байгууламжийг энэ хуулийн 14.10-т заасан эрх бүхий байгууллага цаашид ашиглаж болохыг тогтоовол энэ хуулийн 49.2.1-д заасан ашиглалтын гэрчилгээ олгоно.

15 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлага

15.1.Барилга байгууламжийн зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг тусгана.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг барилгын норм, дүрэм, стандартаар зохицуулна.

16 дугаар зүйл. Барилгын ажлын талбайд тавих шаардлага

16.1.Захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглоно.

16.2.Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу геодезийн тэмдэглэгээ /улаан шугам/-тэй уялдуулан тухайн барилгын ажлын талбайд барилгын геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тогтооно.

16.3.Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулна.

16.4.Энэ хуулийн 16.2-т заасан эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн тэг тэнхлэгийн тухай мэдээллийг нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

17 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэх газарт сервитут тогтоох

17.1.Барилгын ажлын талбайд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу сервитут тогтоож болно.

17.2.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд дараахь барилгын ажилд зориулан зэргэлдээ орших газарт, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөд сервитут тогтооно:

17.2.1.барилга байгууламж барих, шинэчлэн барих, засварлах;

17.2.2.шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж барих, шинэчлэн барих;

17.2.3.тухайн газар нутагт хөрсний инженерийн хайгуулын судалгаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтад авах;

17.2.4.барилга байгууламжид түр болон байнгын зориулалттай нэвтрэх орц барьж байгуулах.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасны дагуу тусгай хэрэгцээний газар, нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр сервитут тогтоож болно.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ

18 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагаа эрхлэх

18.1.Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.

18.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ.

18.3.Энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд энэ хуулийн 19.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг шаардахгүй.

18.4.Энэ хуулийн 18.2-т заасан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

19 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

19.1.Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;

19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх;

19.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх;

19.1.4.даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

19.2.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлж, мэдээллийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох

20.1.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.

20.2.Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгоно.

20.3.Барил