“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙГ НЭЭЖ, БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО

2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа өнөөдөр чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо. Чөлөөт бүсийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,УИХ, ЗГ-ын гишүүд, ерөнхийлөгчийн зөвлөх, тус бүсийн захирагч А.Энхзул, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа, “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Ц.Итгэл болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.

undefined

“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл таван жилийн хугацаатай байх юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Монгол бол Хятадын гол түнш, гол хөршүүдийн нэг. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэгчилэн Эрээн, Замын-Үүд бол саахалт айлууд гэдгийг онцолж хэлээд, талууд харилцан ашигтай хамтарч ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно гэв.

“Замын-Үүд”, “Алтанбулаг” чөлөөт бүсүүд нь хоорондоо хамтран уялдаа холбоотой ажилласанаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн хөрөнгө оруулалт татах, транзит тээвэр, логистикийн бүсийг хөгжүүлж “Алтанбулаг” чөлөөт бүсээр дамжуулан европруу гарах зэрэг бүрэн боломжтой юм.

undefined