чөлөөт бүсэд татварын ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчлэх вэ?

Чөлөөт бүсэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

16.1.1.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;

16.1.2.импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг чөлөөт бүсэд оруулахад татвар ногдуулахгүй бөгөөд гаалийн нутаг дэвсгэрт тухайн татварыг төлсөн баримтыг үндэслэн бусад татвараас хасалт хийж буцаан олгох;

16.1.3.монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь хэмжээгээр ногдуулах;

16.1.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

16.1.5.энэ хуулийн 16.1.4-т зааснаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулах;

16.1.6.барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;

16.1.7.чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.

 

16.2.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно.

 

16.3.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй.

 

16.4.Чөлөөт бүсэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.4.1.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

16.4.2.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

16.4.3.чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусаж, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох.

 

16.5.Чөлөөт бүсэд энэ хуулийн 16.1, 16.4-т зааснаас гадна дараах татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

/Энэ хэсэгт “16.1, 16.4-т” гэснийг “16.1-д” гэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.5.1.чөлөөт бүсэд инноваци, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг ашигт үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд ногдох орлогын албан татвараас чөлөөлөх;

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.5.2.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх.

 

16.6.Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд нь чөлөөт бүсэд эрхэлсэн үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.