Чөлөөт бүсээ хөгжлийн хурдасгуур болгоё

Аливаа улс орлого, төсвөө зузаатгаж бараа эргэлт, эдийн засгийн хөгжлөө хурдасгахын тулд “Эдийн засгийн” чөлөөт бүс ажиллуулдаг. Энэ бүсийг урамшууллын онцгой тогтолцоог багтаасан үндэсний эдийн засгийн орон зайн хэсэг гэж ойлгож болно.

Худалдааны чөлөөт бүсийн тухай ойлголт 2000 жилийн өмнө бий болсон түүхтэй. Ингэхдээ гол төлөв алс нутагт байгуулж, төрийн зүгээс онцгой анхаарч бий болгосон дэд бүтцийг түшиглэн хөгжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70-80 хувийг гадагш гаргадаг байж. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи, ноу хауг татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүчээр солих бодлого байжээ. Харин манай улсын хувьд УИХ-ын 1995 онд баталсан 87-р тогтоолоор “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг анх баталсан байдаг. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай мөн ондоо “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан юм. Хэдийгээр эрх зүйн орчин бүрдээд 20 орчим жил болсон ч өнөөдөр бид хүссэн үр дүндээ хараахан хүрч чадаагүй л байна.

undefined

Цагаан дээр хараар бичсэн хууль болоод үзэл баримтлалын олон заалт бий. Тодруулбал, Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-д Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн холбоо, эрчим хүч, зам тээвэр зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц шинээр бүрдүүлэх буюу сайжруулах. Чөлөөт бүсийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй, итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин бий болгох гэжээ. Энэ үүргийг гагцхүү төр л биелүүлэх учиртай. Хариулт нь маш энгийн. Дэлхийн бүх улсад “Чөлөөт бүсэд шаардлагатай бүхий л дэд бүтэц”-ийг төр бэлэн болгох үүрэг хүлээдэг. Харин шууд очоод бизнесээ хийж, ашгаа олох нь аж ахуйн нэгж, бизнесийнхний үүрэг. Чөлөөт бүсээ хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл төрийн зоримог шийдвэр, хэрэгжилт хэрэгтэй болох нь.

Ийнхүү хийж, хэрэгжүүлэх ажил байгаа учраас Чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах”-аар тогтсон юм. Энэ хүрээнд “Алтанбулаг” хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ.

Боомтын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтуудын үр дүнд: 2014, 2015, 2016 онд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр баталсан. Мөн өнгөрсөн онд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн тодорхой төслүүдийг бодитоор хэрэгжүүлэхээр талууд тохирсон байдаг. Энэ оны хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх зорилт тавьжээ.

Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүс нь байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд бараа болоод зорчигчдын тоо 5 дахин өссөн нь чамлахааргүй үзүүлэлт юм. Худалдаа, үйлчилгээ, логистик гэдэг өөр хоорондоо харилцан хамааралтайгаар хөгждөг. Үүнийг хөгжүүлье гэвэл хөгжлийн суурь болох зам, цахилгааны асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Тухайлбал, "Алтанбулаг" чөлөөт бүсийг бүхэлд нь гэрэл, цахилгаанаар хангахад 15.6 тэрбум төгрөг шаардлагатай. Энэхүү төсвөөр гагцхүү чөлөөт бүсийн цахилгаан хангамжаар тогтохгүй Сэлэнгэ аймгийн 20мВт станцыг 50мВт болгож хүчин чадлыг хоёр дахин өсгөх ажил багтсан юм байна. Бүсийн үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар 80 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Та бидний сайн мэдэх "Adidas", "Nike", "Reebok" албан ёсны нэрийн дэлгүүрээ "Алтанбулаг" чөлөөт бүсэд нээжээ. Мөн бидний идэх дуртай олон төрлийн жимсийг ОХУ-аас импортолж хямд үнээр борлуулж байна. Нэр, төрлөөсөө хамаарч хар чавга, үзэм, чангаанз зэрэг бүтээгдэхүүний 1 кг тутмын үнэ 3800-13800 төгрөгийн хооронд гээд бүс нутгийг сонгон худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж, үйлчлүүлэгч нарт ээлтэй олон ажил биеллээ олжээ.

Учир нь "Алтанбулаг" чөлөөт бүсэд үйл ажиллагааны тусгай дэглэм үйлчилдэг учраас гааль болоод бусад татвараас хөнгөвчилсөн тусгай нөхцөл үйлчилдэг. Тодруулбал, Худалдаа, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар, мөн дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар чөлөөлдөг. Иймээс бидний импортоор авдаг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү хямд байдаг. Энэ хэрээр тухайн бүс нутгийн айл өрх болоод улсын эдийн засгийн чанар сайжрах таатай боломж бүрдэх хөрс, суурь нь болдог. Гэхдээ үүнийг бодит ажил хэрэг болгож, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан ээдрээт олон давааг давсаар, бас өөрсдийн боломжид түшиглэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн бүх л ажлаа амжуулсаар явна.

Монгол Улсад хэрэгжүүлэх төслийг нэрлэвэл "Азийн Авто замын сүлжээ барих", "Төмөр замын Төв коридорын хөгжилтэй уялдаа холбоотой болох", "Цахилгаан эрчим хүчний сүлжээ барих" төслийг дурдаж болно. Эдгээр төслийг ”Алтанбулаг” чөлөөт бүстэй уялдуулан хэрэгжүүлэх эдийн засгийн боломжтой гэж албаныхан мэдэгддэг. Тус бүс нутгийг Ази, Европыг холбосон эх газрын хуурай боомт гэж үзэхээс гадна тээвэр логистик, ачаа тээврийн гол зангилаа төв гэж үздэг. Энэ боломжийг ашиглаж, ашиг хүртэх нь бидний зорилго. Иймээс Монголчууд бидний хойд үүд болох "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөгжил юу юунаас илүү чухал. Учир нь дэлхийн олон улс орон тэр дундаа хойд, урд хөршийн бизнесийнхэн биднийг сонирхоод эхэлж. Энэ боломжийг бид алдах эрхгүй. Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй төсөвт хөрөнгө оруулдаг газар байх ёстой.

Зах зээлийн хараа өргөн байх нь ирээдүйн хөрөнгө оруулалтыг татах нэг боломж. Энэ боломжийг төр нь бүрдүүлдэг зарчим олон улсад бий. "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба “Чөлөөт бүсээ хөгжлийн хурдасгуур болгох”-ын төлөө чармайн ажилласаар байна. Энэ үүргийг төр эрх зүйн хувьд бүрдүүлсэн учраас эхлүүлсэн ажлынхаа үр шимийг хамтдаа хүртэхийн төлөө чармайх нь бидний зорилго юм. 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд