“МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ-2019” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Гадаад харилцааны яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтран “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019”-ыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Уг форумд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа, Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Уламбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Сугирдорж, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Батболд нар оролцлоо.

undefined     Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд монголын талаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин зэрэг албаны хүмүүс болон хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

       Форумын үйл ажиллагааг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь ӨМӨЗО-оор дамжин хийгддэгийг онцлоод энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

undefined

       Форумын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав.

    Түүнчлэн форумын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур худалдан авах, дулаан аргаар боловсруулсан мах худалдан авах зэрэг чиглэлийн 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцлийг байгуулав.

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд