“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

    “Алтанбулаг” чөлөөт бүсийн эрхэм зорилгын төлөө хамтран ажиллаж буй хөрөнгө оруулагч, төрийн захиргааны байгууллагууд, хамт олондоо мэндлэхийн ялдамд ажлын амжилт сайн сайханыг хүсье.

     “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба 2003 оноос чөлөөт бүсийн хилийн заагийг шинэчлэн тогтоож чөлөөт бүсийн болон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар батлуулах, түүний дагуу 2008 оноос чөлөөт бүсийн дэд бүтцийг бий болгох зорилт тавин ажиллаж ирсэн билээ.

     2014 оны Засгийн газрын 153 тоот тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг 2014 оны 6 дугаар сарын 22-ноос албан ёсоор эхлүүлж 2015 онд УИХ-аас баталсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн  шинэчилсэн найруулга нь чөлөөт бүсийн эрх зүйн орчинг сайжруулж, баримтлах зарчим, угтвар нөхцлийг улам тодорхой болгосон.

     Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь чөлөөт бүсэд  аж ахуйн нэгжийг бүртгэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар олгох, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт, шалгалт тавих, хамтран ажиллаж байгаа Төрийн захиргааны байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах үүднээс зөрчилдөж байгаа хууль, журмуудын зохицуулалтуудыг хийхээр ажиллаж байна.

     Мөн Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдаанууд болон Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын хуралдаануудын протоколд “Бүс ба Зам” хөтөлбөртэй уялдуулан “Алтанбулаг” чөлөөт бүсийг Азийн авто замын АН-3 магистраль замтай холбох, цахилгаан эрчим хүчний өргөтгөлд хамруулах, төмөр замын төв коридортой холбох, хоёр улсын хил орчмын бүс нутгуудын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлуудыг тусгуулан холбогдох яам, төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

     2020 он гэхэд “Алтанбулаг” чөлөөт бүсэд үндсэн дэд бүтцийг бий болгох сүүлийн үе шатны ажил өрнөж, дараагийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлснээр бүс нутаг төдийгүй Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр ашгаа өгч эхэлнэ.

      Бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн босголтын ажлыг эрчимжүүлэх нөр их ажил бидний өмнө ирээд байгаа тул “Алтанбулаг” чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч болон хамтран ажиллагч та бүхнийг ирээдүйтэй энэ ажилд бодит хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг урьж байна.

 

“АЛТАНБУЛАГ”  ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ                                 Ж. АМАРЖАРГАЛ

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд